Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд болж зарим асуудлыг шийдвэрлэлээ. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, Хүрээлэн байгаа орчинд хор, хохирол учруулж байгаа тухай, хэрэглэгчийн тухай эрх ашгийг зөрчиж байгаа тухай мэдээлэл гаргагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна. Түүнчлэн шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашгийн эсрэг үйлдлийн мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байна” гэлээ.