УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль"-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ, Өмнөх Хувь хүний нууцын тухай хуулиар иргэн өөрөө л хувийн мэдээллээ хамгаалдаг байсан. Харин энэ хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч тухайн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байгаа. E-Mongolia систем дээр тулгуурлаад төр иргэдийнхээ мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээх ёстой. Гэтэл ямар чиглэлээр таны иргэний үнэмлэхийг ашигласан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй байна. Жишээ нь, газрын гэрчилгээ, жолооны үнэмлэх авахад иргэний үнэмлэх шаардлагатай бол иргэнээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй.
Хуулийн төсөлд мэдээллийн эзэнд мэдээлэл очих буюу notification явуулна гээд байгаа нь энэ хуулийн гол амин сүнс юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзэнд мэдээлэл очсоноор миний мэдээллийг төр ийм хэлбэрээр ашиглаж байгаа юм байна гэж мэддэг болно. Ер нь төрд байгаа иргэдийн мэдээллийг хувийн байгууллага ашиглах эрсдэл бий. Жишээ нь, гааль, татварын байгууллага хүний амжьргааны түвшинг тодорхойлж байгаа. Мөн хөнгөлөлттэй эмийн тарифаар эм авахад энэ дүүрэг, хороонд тийм төрлийн өвчлөл их байна гэдэг мэдээллийг хувийн эм ханган нийлүүлэх байгууллагад өгснөөр тухайн төрлийн эмийг түлхүү оруулж ирж, бизнес хийх тохиолдол гарч байгаа. Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байсан асуудлыг хуулиар зохицуулна. Хуулийг төслийг дагалдуулж эрүү, зөрчлийн хариуцлагыг нэмэгдүүлэх заалт оруулж ирээгүй" гэлээ.
Уг хуулийн төслүүдийн зорилго нь төрийн цахим харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэхээс гадна хамгийн чухал нэг зорилго бол мэдээлэл солилцох, хадгалах, дамжуулах арга зам нэмэгдэхийн хэрээр түүнийг хамгаалах, цаашлаад хүний эрхийг хамгаалах асуудалтай нягт холбогдоно.