74 төрлийн зөвшөөрлийг цуцлах Нийслэлийн Засаг даргын захирамж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Гэхдээ архи, тамхины тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тухай, Үнэт цаасны хууль зэрэг гурван төрлийн хуулийн дагуу олгодог. Тиймээс хуулиар зохицуулсан асуудлыг цуцлах нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Караоке ажиллуулах гэж буй иргэнээр жишээ татахад дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс дээр биечлэн очих шаардлагагүй. Цахимаар бүртгүүлэхэд болно гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиараа камерыг заавал тавьж таарна. Гэхдээ хүсэлтээ цагдаагийн байгууллагад биечлэн очих бус, Е-Mongolia цахим хуудсаар явуулах юм. Цагдаагийн ажилтан тав хоногийн дотор хүсэлтийн дагуу шийдвэрлэх болно. НИТХ-ын 2016 оны 35 дугаар тогтоолын дагуу караоке эрхлэгч аж ахуйн нэгж нь есөн төрлийн бичиг баримтын бүрдэл хангуулсны дараа Соёл урлагийн цэнгүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар заасан байдаг. Тэгвэл цаашид энэ үйлчилгээг авах шаардлагагүй болсон. Аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Соёл урлагийн газраас гэрчилгээ авах гэж аль нэг ТББ-тай гэрээ байгуулан улирал тутамд 200-300 мянган төгрөг төлж бичиг авдаг байсныг болиулсан. Тэгэхээр энэ бол эдийн засгийн бодит хэмнэлт.
Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийн тулд дүүргээс батламж авна, хог хаягдлын гэрээ хийнэ. Гурвалсан гэрээ хийдэг байсан. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар камерын бичлэг хийх боломж бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхыг шаарддаг. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл авдаг. Эдгээрээс хуулийн дагуу шаарддаг камер тавиулж, үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлэхийн дээр хог хаягдлын гэрээ хийчихвэл бусад зөвшөөрөл шаардлагагүй болсон. Нэг ёсондоо есөн төрлийн материал бүрдүүлдэг байсан бол одоо дөрвөн материал бүрдүүлдэг болсон гэсэн үг.