Ардчилсан намын даргын сунгаа өнөөдөр албан ёсоор эхэлж, нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр бөгөөд Улсын дээд шүүхээс баталгаажуулсан болохыг АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир хэллээ. Мөн тэрээр тухайн сонгуульд ялсан намын даргыг УДШ хүссэн ч бүртгэх ёстой, хүсээгүй ч бүртгэж, хуулиа мөрдөх ёстой гэлээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Батлагдсан нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, сонгуулийг товлосон хугацаанд зохион байгуулахыг дотоод сонгуулийн хорооны дэд хороод, аймаг, дүүргийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд даалгалаа.
Намын дэргэд нэр дэвшигчид намын үндсэн дүрмийг чанд мөрдөж, дотоод сонгуульд оролцохыг үүрэг болгосон тогтоолыг танилцуулж байна" гэв.
Ардчилсан намын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж байгаа юм.