ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Н.Учрал: 72 мянган өрх толгойлсон ээжүүд байна. Айл гэр болж тоглоно. Сална, сарнина. Эрчүүд хүүхдийнхээ тэтгэмжийг авгайдаа өгч байгаа гэж ойлгодог. Хүүхдэдээ өгч байгаа тэтгэмж гэж ойлгодог байх хэрэгтэй. Гэр бүлийн хуулиар гэр бүл цуцлуулбал 100 орчим мянган төгрөгийн тэтгэмж тогтоож байна. Тэрбум төгрөгийн орлоготой ч бай, сая төгрөгийн орлоготой ч бай хуулиар тогтоосон мөнгө өгдөг. Арчаагүй эрчүүдийн байдлаас болж олон мянган ээжүүд өрх толгойлж, нуруун дээрээ амьдралыг авч явж байна. Тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж нэмээд өгөөч ээ. Айл гэр болж тоглочхоод хүүхдэдээ хэдэн төгрөг өгч чадахгүй байгаа эрчүүдээс данснаас нь мөнгийг татдаг авч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дандаа л хүүхэд хохирч байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гэр бүлийн тухай хууль оройтож орж ирсэн. Өнгөрсөн гурван жил намайг сошиалаар хоёр эхнэртэй хууль батлуулах гэж байна гэж гүтгэсэн. Монгол Улс нэг эхнэр, нөхөртэй байх үзэл баримтлал явж байгаа. Гэр бүлийн хуулиар яавал гэр бүл салахгүй байх уу гэдэг талаас нь заалт оруулж ирэх ёстой. Тэтгэмжийн асуудал маш чухал байна. Эцэг нь төлбөрийн чадваргүй эцэг нь архи уугаад явчихсан асуудлыг яах юм бэ. Иргэдтэй уулзахад эрсдэлийн сан байгуулах тухай санал тавьдаг. Гэр бүлийн сэтгэл зүйчид маш хэрэгтэй байна. Гэр бүлийн асуудлаар дагнасан сэтгэлзүйчдийг төрөөс яаж дэмжих вэ?
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо: Жил бүр шүүхэд гэр бүл цуцлуулах 700-2800 гаруй нэхэмжлэл ирж байна. Гэр бүл цуцлахад хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөх эрсдэл үүсдэг. Хүүхдийн тэтгэлэгтэй холбогдуулаад 50 хувь нь төлдөггүй гэсэн судалгаа байна. Үүний цаана төлбөрийн чадваргүй, бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүй, эрэн сурвалжлагдаж байгаа гэхчлэн асуудал байдаг.