Татварын ерөнхий газраас ирэх оноос хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын өөрчлөлтийг хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөлд танилцуулав.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал: ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс юм. Тэгэхээр 2024 оноос эхэлж үйл ажиллагааны орлоготой иргэдээс ХХОАТ-ыг нэг хувиар тооцож авах хуулийн төсөл батлагдсан. Тус хууль нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Үйл ажиллагааны орлоготой буюу хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг.
Ингэснээр зах худалдааны төв болон малчид НӨАТ-ын олгохгүй байна гэсэн асуудал буурна. Татварын ерөнхий газрын бааз мэдээлэлд 16 наснаас дээш 2.5 сая орчим иргэнийг татвар төлөгчөөр автоматаар бүртгэсэн. Үүнээс идэвхтэй бизнесийн харилцаанд орж явдаг 1.7 сая иргэн байдаг. Түүний 1.1 сая нь ажил олгогчоосоо цалин авдаг. Харин бизнесийн харилцаанд ордог 240 мянга орчим малчин иргэнтэй. Үлдсэн нь хувиараа бизнес эрхэлдэг буюу зах худалдааны төвд лангуу түрээсэлдэг.
Өмнө нь үйл ажиллагааны орлоготой иргэдээс албан татварыг 10 хувиар тооцож авдаг байсан. Тэгэхээр олсон орлогоосоо зарлагаа хасаад үлдэж буй дүнгээсээ 10 хувийг төлдөг харилцаатай байсан. Одоо бол хувиараа бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд зайлшгүй зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй. И-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогынхоо дүнгээс нэг хувийг төлөх боломжтой болж байгаа юм" гэлээ.