Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэх ес дэх удаагийн шүүх хурал өнөөдөр болно.
Н.Өнөрцэцэгийг Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, дуудсан цагт ирж мэдүүлэг өгөөгүй, Unurtsetseg Naran хэмээх Фэйсбүүк хуудсаар удаа дараа лайв, пост хийн гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон юм. Угтаа түүний шалгагдаж буй хэрэг нь эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл цацах гэх цагдан хорионы арга хэмжээ авагддаггүй зүйл анги юм.
Н.Өнөрцэцэгийг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр цагдан хорьсон юм. Үүнээс хойшхи хугацаанд тэрбээр холбогдох тайлбар мэдүүлгүүдээ өгч байгаа бөгөөд өмгөөлөгчдийн зүгээс түүнийг цагдан хорих үндэслэл байхгүй болсон гэж үзэж байгаа юм.
Тиймээс түүний цагдан хориог цуцалж, гадуур шалгах хүсэлтийг удаа дараа өгөөд байгаа ч шүүхээс татгалзсаар ирсэн юм. Энэ хугацаанд хоёр хүү нь ээжгүйгээр 21 хоногийг өнгөрүүлээд байна. Тавхан настай хүү нь ээжийгээ хөдөө яваад 30 хоноод ирнэ гэж хоног тоолон хүлээсээр сууна. Хөгшин ээж аав нь хөдөө мал дээрээсээ санаа чилээн суугааг хэлэх нь илүүц биз. Н.Өнөрцэцэгийн биеийн байдал болоод сэтгэл зүй ч сайнгүй байгаа талаар өмгөөлөгчид хэлж байгаа.