Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 644,899 жуулчин ирсэн ба жуулчдын дийлэнх нь зуны улиралд иржээ. Монголд зочлох жилийн хүрээнд энэ жил 1 сая жуулчин хүлээн авах зорилготой байсан юм.
Иймд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, салбарын төлөөллийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллаж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, малчдын төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг нутгийг иргэд хүртдэг байх, тогтвортой, урт хугацааны орлоготой байлгах нэг эх үүсвэр нь "Нэг жуулчин-Нэг хонь" хөтөлбөр байхаар зорьж байна.
Ингэснээр өвлийн тэг зогсолтыг болиулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийг дэмжих, салбарын эдийн засгийн эргэлтийг бий болгоно гэж үзэж байна. Уг хөтөлбөрийг малчдад тулгуурлаж хэрэгжүүлэх бөгөөд хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл солилцжээ.
