Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, тохижилтын ажил халианд дарагдсан байдалтай байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа: Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 14 байршилд халиа тошин үүссэн. Геодези, усны барилга, байгууламжийн газар жил бүр арванхоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хооронд халиа тошингийн нөхцөл байдалд ажилладаг. Өнгөрсөн жил болон энэ жил үер ихтэй байсан учраас усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 26, 40, 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7, 17, 23 дугаар хороонд халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүд оршин суудаг. Эдгээр айлд жил болгон нүүх талаар мэдэгдэл хүргүүлдэг ч биелүүлдэг нь ховор. Тодорхойлж зааж өгсөн газар руу нүүдэггүй. Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд хуваагдан 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна” гэв.