Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор "“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулсан. Уг хуулийн төсөлд ямар зохицуулалтууд тусгагдсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр, Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмент, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргасан нь үүний нотолгоо. Үүнийг өөрчлөх гэж бид хуулийн төсөл боловсруулсан.
- Шинэ хуулийн төслөөр Бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр сууц өмчлөгч хаанаас ч бүх гишүүдийн хуралдаа оролцох, санал гаргах, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой болно.
- СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, бусад удирдах албан тушаалд тухайн орон сууцны байшинг барьж ашиглалтад оруулсан хүн, түүний хамаарал бүхий этгээд, уг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллахыг хориглохоор тусгасан
- СӨХ, сууц өмчлөгч, оршин суугч иргэдийг аль. алийг нь хариуцлагатай болгох шаардлагатай байна. Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан.
- СӨХ-ны хувьд хийх ажил, чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой заасан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад Зөрчлийн болон бусад хуулиар хариуцлага тооцно.
- Мөн орон сууцны байшингийн их засвар, арчлалтын сан байгуулаад нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр энэ ажлыг зохион байгуулах санал гаргаж байна. Мэдээж энд бүх талын оролцоог хангах ёстой" гэлээ.
“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлтэй танилцаж, саналаа өгөх боломжтой бөгөөд доорх холбоосоор орно уу.