1 дүгээр сарын 24-нд болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ, ослын дүгнэлтийн талаар УОК мэдээлэл өглөө.
Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Тээвэрлэж явсан хийн түлш дэлбэрсэн холбоотой асуудлыг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг хэргийг шалгаж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан. Одоо хохирлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Шинжээчийн бүрэлдэхүүнд ЦЕГ, ОБЕГ, ХНХЯ болон бусад мэргэжлийнхэн багтсан байгаа.
Галд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоохоор БХБЯ, ШУТИС-ийн багш, эрдэмтэд, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай байгаа, хэд хэдэн нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байгаа. Энэхүү дүгнэлт гарахаар эцсийн шийдвэрээ гаргаж танилцуулна гэсэн.
УОК-ын даргын тушаалаар ажлын хэсэг гарч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нд хамгийн сүүлийн шалгалтыг хийж дуусаад дүнг танилцуулна" гэв.