Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны VI зөвлөгөөн /2024-03-20/ болж байна.
Монгол Улсын нийт хүн амын 70 хувь буюу 2,2 саяд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн 76, нийслэлийн 149 өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд зургаа дахь удаагийн зөвлөгөөнөөрөө төр, засгаас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого болон иргэдэд үзүүлж буй анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төвийн үүрэг оролцооны талаар хэлэлцэв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ, Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байхаар тусгасныг хэрэгжүүлэх үүрэг өрхийн эрүүл мэндийн төвийнхөнд ногдож байгаа. Түүнчлэн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхан шатанд онцгой анхаарч, Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхэд туслах нь өрхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд чухал гэдгийг хэлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ манай улсын хувьд олон улсын чиг хандлагын эсрэг байгааг засахад шинэ батлагдсан хууль чухал ач холбогдолтой.
Мөн сайд “Дэлхий нийтийг хамран тархсан Ковид-19 цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өндөр түвшинд хүргэх том сургамж үлдээсэн. Эрүүл мэндийн салбар иргэний эрүүл мэндийг эмч, эмнэлэг хамгаална гэж үзсээр ирсэн тогтолцоог өөрчлөхөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль томоохон дэмжлэг болно” гээд анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилттэй холбоотой авсан арга хэмжээнийхээ талаар онцлон дурдсан.
Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд анхан шатны тусламж, үйлчилгээг дэмжих чиглэлээр ярьдаг ч санхүүжилтийн хувьд дорвитой нэмэгдүүлээгүй байсныг өөрчилснөөр 2019 онд 129 тэрбум төгрөгийг анхан шатны тусламжид зарцуулдаг байсан бол 2023 оны байдлаар 345 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Ингэснээр Засгийн газрын эрүүл мэндийн нийт зардалд анхан шатны тусламж үйлчилгээний зардлын эзлэх хувь 2019 онд 12 хувь байсан бол 2023 онд 22 хувь болж өссөн.
Мөн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тухайлбал, эмийн үнэ, чанар, эрүүл мэндийн салбарын цахимжилт, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой авч буй арга хэмжээний талаар ярилаа. Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн дийлэнх хувийг хүүхэд болон ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулах зорилготой байгаа хэдий ч өрхөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ төдийлөн хангалттай бус байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхдийн өдрийн эмчилгээний багц буюу хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчин, хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багц, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зайлшгүй үзүүлэх тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэлээ.