Улсын Гуравдугаар төв эмнэлэг ба Олон улсын “Вирту” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч проф. Реза Яассари, Саади Гатан нарын эмч нарын баг хэрэглэх багаж хэрэгслээ авч ирэн 2024.06.01-2024.06.15-ны өдрүүдэд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллав.
Тасгийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж, нийт 34 эмчлүүлэгчид эрсдэл өндөр, нарийн, төвөгтэй хүнд мэс заслууд хийгдсэн ба үүнээс 13 хүүхдэд мэс засал хийсэн байна.
Тархины чамархайн дэлбэнгийн хавдар, хатангиршил, сорвижил, тархины гадаргын дисплазийн шалтгаант эмэнд тэсвэртэй уналт таталттай эмчлүүлэгчид эпилепсийн голомтыг тайрч авах, амигдалагипокампэктоми, каллозотомийн мэс заслууд хийв.
Мөн олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой өдөрт олон удаа таталт өгч байдал нь хүндэрч байгаа 5 настай хүүхдэд гемисферотоми буюу тархины талбөмбөлгийг нэлэнхүйд нь суурийн зангилаанаас нь салгах мэс засал манай улсад анх удаа хийгдсэн. Мэс заслын дараа хүүхдэд уналтын тоо буурсан, түр зүүрын саа үүссэн нь сэргэж эхэлсэн эерэг үр дүн гарчээ.
Тархи усжилттай хүүхдүүдэд тархины 3-р ховдолын доод ханыг нээж суваг үүсгэх, хажуу ховдлын судсан сүлжээг түлэх мэс заслууд хийгдсэн. Мөн тархины ховдол доторх хавдраас дурангаар дээж авсан.
Хүзүүний олон нугалам хамарсан өмнөд болон арын бэхэлгээт мэс засал, нугасны АВМ, хүзүүний түвшин дэх нугасны том хавдар, гулсалт болон нурууны мурийлт засах зэрэг мэс заслууд хийсэн.
Тасгийн эмч нарт “Хүзүүний спондилоз” сэдвээр Реза Яасари эмч лекц уншиж, “Эпилепси өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” хуралд Саади Гатан эмч “Эпилепсийн мэс засал” сэдвээр илтгэл тус тус тавьжээ.
Хийсэн мэс заслын жагсаалт:
- Таталтын голомт тайрах мэс засал-12
- Тархины дурангийн мэс засал/ETV,CPC/-2
- Нугасны өөхөн эдийн хавдар авах-1
- Нугасны ивэрхий нөхөх-2
- Арнольд Киарын гажиг засах. Тархи, нугасны дарагдал чөлөөлөх-1
- Хүзүүний түвшин дэх нугасны хавдар авах мэс засал – 1
- Хүзүү сээрний арын бэхэлгээт мэс засал-6
- Хүзүүний нугалмын хугарал бэхлэх – 2
- Хүзүүний хиймэл жийргэвч, өмнөд бэхэлгээт мэс засал – 4
- Нурууны мурийлт засах мэс засал-1
- Нугасны АВМ авах мэс засал - 1 зэрэг мэс засал тус тус хийгдэж эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч байна.