Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 645 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "ТҮЦ эрхлэгчдэд НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Мэдээж олон хүний амжиргаа яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид Нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна.