Тогтоолын төсөлд Аэросити болон Майдар шинэ хотуудыг Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулахаар тусгасан юм.
Өмнөх хуралдаанаар Аэросити гэсэн нэрийг Тулуй болгох саналыг гаргасан ч дэмжээгүй тул сналаа татсан. Харин тухайн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд Төв аймгийн удирдлагууд хуралдан хотыг Шинэ Зуунмод хот хэмээн нэрлэх санал гаргасан талаар танилцуулсан ч мөн л дэмжээгүй.
Ингээд төслийн энэхүү оноосон нэрийн талаар орон нутгийн иргэд, төр, захиргааны байгууллагын саналыг авч дахин нягталж эцсийн хэлэлцүүлгийн үед нэг мөр болгож шийдэх чиглэлийг хуралдаан даргалагчаас Байнгын хороонд чиглэл болгосон юм.
Иймээс Барилга, хот байгуулалтын яам тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлжээ.
Ингээд Засгийн газрын саналаар тогтоолын төслийн “Аэросити” гэснийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн байна.
Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзсэн.
Барилга хот байгуулалтын дэд сайд танилцуулгын үеэр Аэросити 32 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, Майдар хотод нийтдээ 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт зарцуулахаар төлөвлөсөн талаар танилцуулж байв.