XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жил буюу аргын тооллоор 2020 оны 6 дугаар 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиох юм. Энэ өдөр бүх нийтээр амрахаар хуульчилсан байдаг. Энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг УИХ-ын гишүүд, хууль санаачлагчид онцолж байсан юм.
НЭГ ӨДРИЙН САХИЛ ХҮРТЭХ АЧ ТУС
Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожон буюу нэг өдрийн сахил авах ёс юм. Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвд үг юм. Энэхүү сожин сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчэн өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ.
Сожин сахил авахдаа өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босож бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм. Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн билээ.
Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл нь:
1. Аливаа амьтны амийг үл таслах,
2. Бусдын эдийг үл авах,
3. Эр эмийн үйлийг үл үйлдэх ,
4. Худал үгсийг үл өгүүлэх,
5. Элдэв гэмт архийг үл уух,
6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух,
7. Цаг бусын идээ үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх, цагаан хоол идэх,
8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг болой.
Нэг өдрийн сахил авсны ач тус нь:
Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой.