Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэлтийн талаар МУ-ын хүний гавьяат эмч, УИХ -ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
Намрын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ямар ямар эрх зүйн шинэчлэлт хийгдсэн бэ?
Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэ тогтолцоо руу оруулах боломж гарч ирсэн нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх томоохон түлхэц болж байна. Жишээлбэл, архаг өвчтэй хүн тухайн эмийг заавал уухгүй л бол эрүүл мэнд нь эрсдэлд ордог, хөнгөлөлттэй эмийг хүндрэлтэй авдаг байсан бол хуулийн шинэчлэлийн хүрээнд хялбар авдаг болох юм. Энэ оны 11 сарын 1 –ээс эмийн хөнгөлөлтийг бүх эмийн сангаас авах боломж бүрдэж, хууль хэрэгжиж эхэлнэ.
Одоо цахим мэдээлэл дамжуулах тогтолцоо нь удаан учраас эмийн жороо бичүүлэхийн тулд урт хугацааны оочер дараалалд зогсож, дараа нь эмээ авах гэж эмийн санд оочерлодог байсан асуудлыг шийдвэрлэж цахим шинэчлэл хийн хурдан шуурхай үйлчилгээ авах боломжтой гаргалгаа бий болсон.
Санхүүжилтийн хувьд хязгаар тавихгүйгээр, иргэн дагасан санхүүжилт олгодог тогтолцоог бий болгож байна.
Хуурамч эмийн асуудлууд их яригддаг. Ямар эмийг хуурамч эм гээд байна вэ? Энэ тал дээр ямар зохицуулалт хийгдэх вэ?
Нэр томъёоны хувьд иргэдэд хуурамч эм гэж ойлгогдоод байгаа. Мэргэжлийн хэллэгээр хуурамч эм гэж ярихгүй л дээ. Ойролцоогоор гурван эмийн нэг нь стандартын бус байна. Монгол улсын эмийн бүртгэлд ороогүй эмнүүдийг ганзгаар эсвэл дураараа авчирч борлуулж байгаа тохиолдлууд байгаа юм. Ийм тохиолдол нийт эмийн зах зээлд 17-18 хувьтай байна. Үүнд:
- Монгол улсад хэрэглэж болно гэсэн баталгаажилт аваагүй мөртлөө хэрэглээд байгаа эмнүүд
- Дараагийх нь хямд эмнүүд. Зарим компаниуд маш хямд үнэтэй эмнүүдийг монголд оруулж ирдэг. Гэтэл найрлага доторх эмийн тун нь 100 хувь байх ёстой хувьдаа хүрэхгүй дутуу савлагдаад хямдханд ороод ирдэг чанар хангаагүй эмнүүд байна.
Эдгээр хуурамч гэж хэлээд байгаа чанар хангаагүй эмнүүдэд хяналт тавьж, эмийн үнийн бодлогыг зохицуулж барих, шаардлага хангахгүй эмнүүдийг тогтмол хянах шаардлагатай байгаа юм.
Монголд жилдээ ойролцоогоор 300 гаруй тэрбум төгрөгийн эмийн зах зээл эргэлдэж байна. Үүний цаана нийт хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал явж байгаа учраас онцгой хяналт тавих зорилгоор “Эмийн зохицуулалтын агентлаг” байгуулахаар хуульчилж 2021 оны 01 дүгээр сараас ажиллаж эхэлэхээр болсон.
“Эмийн зохицуулалтын агентлаг” байгуулахдаа бүтцийн шинэчлэлээ хэрхэн хийж байна вэ? Дахиад нэг агентлаг байгуулах шаардлага бий юу?
Монголын зах зээлд борлуулагдаж буй эмнүүдэд хяналт тавидаг хэд хэдэн байгууллагууд байна. ЭМЯ, МХЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв зэрэг газруудын ажилтан мэргэжилтнүүдээ нэг дор цуглуулж нэг зорилготойгоор ажиллах юм. Өөрөөр хэлбэл орон тоо шинээр нэмэхгүйгээр эдгээр байгууллагаас 70 гаруй хүнийг нэг дээвэр дор, нэг бодлогод зангидан ажиллах юм.
Энэ агентлагийн үйл ажиллагааг хэн хянах вэ?
Ерөнхий сайдын шууд удирдлаган дор ажиллана. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг нь ерөнхий сайд байх ёстой. Тиймээс ерөнхий сайдын удирдлаганд биеэ даасан бүтэцтэй ажиллах юм. Аливаа байгууллагыг удирдах хүний хувьд зүрх сэтгэл, зориг их чухал. Тиймээс энэ агентлагийг удирдах, монгол улсын иргэдийн эрүүл мэндийн гол зэвсэг болсон эмийн бодлого дээр зоримог ажиллаж чадах хүний томилгооны асуудал яригдах байх. Дэлхий нийтээрээ эм, хүнсний бодлогыг барьдаг агентлаг бий. Тэр байгууллагаар дамжиж зах зээлд нэвтрэх зөвшөөрөл олгодог систем байдаг. Энэхүү олон улсын жишгийг дагасан бүтэц рүү орж байгаа нь томоохон дэвшил юм.
Хүнээ дагадаг тогтолцоо гээд байгаа. Энэ нь яг яаж ажиллахыг хэлж байна вэ?
Хуучин тогтолцооны хувьд иргэн гар, хөлөө хугалаад яаралтай тусламж хэрэгтэй болоход даатгалын хөнгөлөлтөө эдлэхийн тулд заавал яаралтай тусламжийн санхүүжилт өгдөг байгууллагуудаар үйлчлүүлэх болдог. Гэмтэл авсан бол улсаас санхүүждэг гэмтлийн эмнэлэг рүү явдаг. Харин одоо хаана ч хамаагүй үзүүлээд тусламж авсныхаа төлөө тусламж үзүүлсэн газар нь санхүүжилтыг нь өгөдөг болох юм. Нэг ёсондоо төр дааж байгаа тусламжаа байгууллагаар дамжуулж өгөх биш иргэнээ дагаж өгөх гэж байна. Тиймээс иргэн өөрийн хамгийн ойрхон эрүүл мэндийн газартаа очиж үзүүлэх боломж бүрдэх юм. Нөгөө талаараа тусламж үзүүлж буй байгууллага нь чанартай тусламж үзүүлэх мэргэжлийн баг бүрдүүлэх шаардлагатай.
Санхүүгийн механизм нь өөрөө хөгжлийг тодорхойлдог. Тиймээс даатгуулагч иргэнд чанартай тусламж үзүүлж чадаж л байвал тэр байгууллагат санхүүжилт өгөх юм.
УИХ байгууллагаад удаагүй боловч нэлээдгүй шинэчлэлт хийж байна. Тэр дунд "Эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг" байгуулагдсан. Энэ бүлэг цаашид ямар асуудлуудад дэмжиж ажиллах вэ?
Бид сэтгэл зүрх, бодлого, үзэл бодлоороо нэгдэж чадсан гишүүдээ нэгтгээд “Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг” байгуулсан. Ардын гэдэг үгийг зориуд сонгохдоо дундаж болон дунджаас доош давхаргын иргэддээ “монголдоо санхүүгийн дарамтгүй эмнэлгийн тусламж авч чаддаг тогтолцоог бэхжүүлэхийн төлөө бүгдээрээ хүчээ нэгтгэе” гэсэн зорилготой нэрлэсэн юм. Лобби бүлэгт эрүүл мэндийн салбарт улс төржихгүй, эрүүл мэндийн салбараас улс төр оруулж ирж тоглолт хийхгүй гэдэг зарчим нэгт үйлчилж байгаа. Тийм ч учраас манай бүлэгт эмч мэргэжилтэй гурван гишүүн, хоёр ардчилсан намын гишүүний бүрэлдэхүүнтэй буюу нам харгалзахгүйгээр байгуулагдсан.
Бид санхүүгийн дарамтгүй технологийн дэвшлийг эх орондоо хүртэх боломжтой байлгахын төлөө ажиллана. Бодлогийн дэмжлэг үзүүлбэл монгол эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллага хэрхэн ажиллаж чаддаг болохыг Ковид-19-ийн нөхцөл байдлын үед яаж ажилласнаас харж болно. Хууль бүрийн цаана амьдралд ямар өөрчлөлт орох вэ, эрүүл мэндийн салбар яаж шинэчлэгддэг вэ гэдгийг бүгдээрээ ойлгох нь чухал юм.
Мөн архи тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудал, нийгмийн эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой хуулийн шинэчлэлийн асуудлууд , эрүүл амьдрах ухааныг сурталчилах чиглэлд манай лобби бүлгийн гишүүд манлайлалтай оролцоно.