Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болголоо. Тэрбээр “Эко констракшн”-ы гаргаж байгаа зохисгүй үйлдлийг яаралтай засаж, залруулж, хууль, журмын хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай бол “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагаар иргэдээс уучлалт гуйлга. Газар дээр нь дагуулж очоод танилцуул, тэр газрыг буцаагаад хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ ав. Норм, дүрэм, журмаа барьж ажиллах ёстой. Тэрийгээ зөрчвөл сануулаад, болохгүй бол газрын эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав” гэлээ.
Үйл явдлыг сануулбал,“Эко констракшн” компани Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулсан. Тус компани барьж буй орон сууцны барилга руугаа цэвэр усны шугам татах гэж байгаа хэмээн гүүрний тулгуур доорх бетонон бэхэлгээг эвдэж, голын хөндлөн огтлолын талбайг хаан төмөр ган хоолой явуулсан байна. Өмнө нь хоёрдугаар сард хууль бусаар үйл ажиллаагаа явуулж байсныг нь холбогдох байгууллагуудаас ирж зогсоожээ. Гэтэл хууль зөрчсөн үйлдлээ дахин хийсэн бөгөөд холбогдох байгууллагууд үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм.