Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.
Энэ онд ЭЕШ өгөх 40 000 гаруй хүүхдийн 38 200 нь 17-18 насныхан буюу наймдугаар сарын 19-н гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа тухай салбарын сайд мэдэгдлээ. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага байгааг ч онцолсон юм.
Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40 420 шалгуулагч өгөх бөгөөд шалгуулагчдын 13 636 нь 19 ба түүнээс дээш насныхан, 25 082 нь 18 настнууд, 1 675 нь 15-17 насныхан байгаа юм. Дашрамд дурдахад, их, дээд сургуульд элсэх босго оноог 480 байхаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон байна.