2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 171 мянган өрх, мянга гаруй аж ахуйн нэгж 600 мянган тн шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо хийжээ. Тус үйлдвэр баруун, зүүн бүсийн үйлдвэртээ нийт 600 мянган тн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн, 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана гэж тус үйлдвэрийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа гэв.
Одоогоор 13 мянган тн түлшний нөөцтэй байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажил дуусч, ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллаж өдөрт зургаан мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлнэ гэлээ.
“Бүгд цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. “Таван толгой түлш” компани гэхэд 2000 гаруй ажилчидтай. Халдвар хамгааллын дэглэм алдагдвал үйл ажиллагаа доголдож, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй эрсдэл үүснэ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж ажиллах учиртай”-г Ерөнхий сайд зөвлөлөө.