"Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилт энэ онд дуусна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ хуульд хэрхэн хамрагдах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Энэ оны есдүгээр сарын байдлаар хуулийн үйлчлэлд 19.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа аваад байна. Малчдыг малын тооллогын бүртгэл буюу А дансаар нотолно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлдог.
Малчдын хувьд, мал маллаж байсныг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу малын ‘’А’’ данс юм.
15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Сард нөхөн төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгийн 10 хувь буюу 42 мянган төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл иргэн нэг жилийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх бол 504 мянган төгрөг төлнө.
Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болох юм. Тодруулбал,
- Өндөр насны тэтгэврийн хувьд малчин нь нийт 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн,
- Нийт 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой.
Энэ оны наймдугаар сарын байдлаар 20.6 мянган малчин дээрх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар шимтгэлээ нөхөн төлж байна, нэг иргэн дунджаар 47 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1 974.0 мянган төгрөг төлсөн байна.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Одоо 3 сар үлдсэн тул хуулийн хүчинтэй хугацаанд амжиж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авч, нөхөн төлж болох хугацаагаа тодруулан, шимтгэлээ төлөх, нөхөн төлсөн хугацаагаа баталгаажуулах боломж байгааг зөвлөлөө.