Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр орой (2021.11.03) мэдээлэл хийсэн.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр: Өнөөдөр МИАТ-ээр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дараагийн ачаа ирнэ. Энэ сарын 8, 10-нд мөн эм, эмнэлгийн хэрэгслийн нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг татан авах ажлыг зохион байгуулж байна. УОК-оос богино хугацааны гурван ажил төлөвлөсөн. Эхнийх нь дархлаажуулалт, хоёр дахь нь хувийн халдвар хамгааллын дэглэм, гуравдугаарт, эмчилгээ.
Сүүлийн 14 хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Мөн ор зохицуулалтын багийн тусламжтайгаар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг эмнэлэгт шууд хүлээж авч эхэлсэн. Орон нутагт ажиллаж байгаа шуурхай штабууд төлөвлөгөөний дагуу хамтарч ажиллаж байна. Агаараар эмийн хэрэгслийг татан авахаас гадна газраар импортын эм, хүнс, бараа материал татаж авахаар зорьж байна гэлээ.
Түүнчлэн Covid-19-ийн дараах хүндрэлээс шалтгаалж өрх болон дүүрэгт хандах иргэдийн тоо нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэд өрхийн эмнэлэгтээ заавал эхэлж хандана. Ингэснээр шат дараатай үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой.