Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан. Журмын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.
Өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөө, Улсын филармони, УДЭТ, УДБЭТ гэхчлэн газруудад найман тоглолт зохион байгуулагджээ. Мөн нийслэлийн хэмжээнд спортын хоёр тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна. Соёл, урлаг, спортын байгууллагуудад хяналт шалгалт хийхээсээ илүү зөвлөн туслахад анхаарч байгаагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга онцоллоо.
Түүнчлэн тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт барилга байгууламжийн чиглэлээр хэд хэдэн шалгалт хийж, Зайсан, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн ойролцоо барилга барьж буй компаниудыг шалгаж, тусгай зөвшөөрөлгүйг нь хааж, зөрчил гаргасанд нь торгуулийн арга хэмжээ авч, ноцтой зөрчлийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн ирэх долоо хоногт,
-“Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох.
-Соёл, урлаг, спортын байгууллагууд 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж буй эсэхэд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо.