Нийгмийн сүлжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэдэд тэтгэмж өгч байгаа талаар янз бүрийн мэдээлэл явах болсон. Тэгвэл энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, ковидын халдварын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч иргэнд нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгож байгаа. Гэхдээ тухайн даатгуулагч иргэн нийгмийн даатгалын шимтгэл хэдий хугацаанд төлсөн эсэх, эмнэлгийн хуудсыг үндэслэн олгож байгаа аж.
Даатгуулагч 3 ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалд шимтгэл төлсөн бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй болох юм.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамааран сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас 50%, 55%, 75%-иар бодож олгоно.
Даатгуулагч эрүүл мэндийн байгууллагад мэдэгдээгүй, бие даан гэртээ эмчилсэнээр эмнэлгийн хуудас аваагүй тохиолдолд тэтгэмж олгохгүй.