11 сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 16, II тунд 28, нэмэлт сэргээх тунд 678, нийт 722 иргэнийг вакцинжуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.4 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2962 жирэмсэн эх, 12-15 насны 67.705 , 16-17 насны 26.650 хүүхэд тус тус вакцины бүрэн тунд хамрагдсан байна.
Нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.
Тэрбээр, Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа.
Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна.
Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262.284 хүн хамрагджээ. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна гэлээ.
Мөн Хотын дарга хэлсэн үгэндээ, Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг тодотголоо.