Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны гадна Солонгос улсад хүчирхийлэлд өртсөн 13 настай охиноос уучлалт гуйж, хэргийг хуулийн хүрээнд даруй шийдвэрлэхийг шаардсан залуус тайван жагсаал хийлээ. Жагсагчид сурагч охин болон Монголын ард түмнээс өнөөдрийн дотор уучлалт гуйх, уучлалт гуйсан мэдэгдлийн албан ёсны цахим хуудсандаа байршуулах, хохирогч охинд хуулийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох, өмгөөллийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, цаашид ийм үйл явдал гаргахгүй гэсэн агуулга бүхий албан бичгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлсэн юм.
Тус албан бичгийг хүлээн авах үедээ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чол Сан "Манай хоёр улс дипломат тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн энэ цаг хугацаанд ийм харамсалтай хэрэг гарсанд хувьдаа болон ЭСЯ-ны дипломат ажилтныхаа хувьд туйлын харамсаж байгаагаа илэрхийлье. Энэхүү болсон явдлыг нэн даруй, шударгаар шийдвэрлэх талаар БНСУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Манай улсын Засгийн газрын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, ажиллах болно. Мөн шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт нэн даруй мэдэгдэнэ" гэсэн юм.