Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр/2021 оны 12 дугаар 20/ болно.
Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.
Мөн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харьяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм.
АН өмнө нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлж байсан юм. Харин Дээд шүүх тэдний хэнийг нь ч бүртгэхээс татгалзаж, дотоод маргаанаа шийдвэрлээд дахин хандахыг зөвлөж байсан. Тэгвэл О.Цогтгэрэл, М.Тулгат нар нэгдэж хуульд нийцэж байгаа нэгнийг маань намын даргаар бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн тул уг асуудлыг хэлэлцэх аж.