"Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны нэгдсэн чуулганаар хийлээ. Тус тогтоолд,
- 2024 онд багтаан Угийн бичиг хөтлөх ажлыг орон даяар зохион байгуулах,
- Хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаар холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх,
- Хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах,
- Хүн ам, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх,
- Хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалт, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
Тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ц.Туваан нар ажиллав.