Монголын төрд зарчим алдагдахаар юунд хүрдгийг харуулсан кейс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өрсөлдөгч улстөрч нь эдийн засагт үр ашгаа өгөх ямар нэг төсөл хэрэгжүүлчихвэл бүлэглэж байгаад өрсөлдөгчөө төсөлтэй юутай нь хөмөрчихдөг хор, хов төрийн ордонд үүрлэчихэж. Тод жишээ нь яг одоо өрнөж байна.
Монголыг дэлхийд таниулж, 200-хан мянга байсан жуулчдыг 800 мянга руу цойлуулж, ганцхан жилийн дотор эдийн засагт 6 их наядыг эргэлдүүлж чадсан төсөл бол “GoMongolia”. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ гэх улстөрчийг хэн ч биш болгохын тулд Засгийн газрынх нь хамгийн сайн хэрэгжүүлсэн төсөл рүү улайран ноцох жишээний. Тухайн үедээ CNN, National Geographic Монголыг ковер агуулгадаа онцолж, дэлхийн сошиал одод Азийн Монголыг зорин ирж, солонгосчуудын цочиж гайхашрам их цуваа хөвөрч юм юм л болж байсан санагдана. Энэ бүгд “GoMongolia” гэх нэр дор өрнөж байсныг үгүйсгэх хэн ч байхгүй. Монгол Улсын гадаад сурталчилгаа 150 сая гаруй хүнд хүрлээ гэсэн үгс Давосын индрээс сонсогдож явсан нь мөн л булзах аргагүй бодит үйл явдал.
Ер нь энэ төслийн хүрээнд Монгол түүхэндээ анх удаа улсынхаа цогц сурталчилгааг хийж чадсан гэж мэргэжлийн хүмүүс нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Харамсалтай нь сүүлийн үед “GoMongolia” шиг муухай юм байхгүй болтлоо тархи угаадаг боллоо. Сүүлдээ бүр Монголоо гадаадад сурталчилж, гадаад жуулчдын тоог нэмэх тухай ярибал буруутан мэт санагдтал тархи угааж байна.
Хамгийн цочмоор нь тэд бүр гэмтнээ олчихсон. Тэдний онилсон бай нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин. “Go Mongolia”-г хэрэгжүүлж жуулчдын тоог 800 мянгад хүргэсэн түүнийг хамаг бүгдийн буруутан болгож шахаж байна. Ч.Номин тухайн үед Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын албыг л хашиж явсан нэгэн. Ганц сайдад Монголыг гадаадад сурталчлах олон тэрбумын ажлыг дангаар шийдэх эрх байхгүй. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо саналаа гаргаж, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасны эцэст “GoMongolia”-гийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан юм. Энэ үнэнийг хэн ч ярихгүй байгаа нь гайхалтай. Нэг хүнд хариуцлага тооцоод өнгөрвөл хамтын шийдвэр гаргасан бусад хүмүүс зүгээр өнгөрнө биз дээ. Буруу байсан бол бүгд буруутах ёстой. Тэр үеийн Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд, бас тэр үеийн Үндэсний хорооны дэд дарга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хариуцлага тооцохыг хамгийн түрүүнд ярих ёстой болж таарна. Гэвч улс төрийн хүчний дэнс аль тал руугаа хэлбийж байгаагаас их зүйл шалтгаалах юм аа. МАН дотроо хуваагдаад 30:38-аараа талцаж, аль тал хүч сул байна тэр талаасаа нэгнийг онилж аваад нүдээд байх юм. Ширэнгийн тэр хуулиар гэмтэн нь Ч.Номин бололтой. Түүнийг Английн хөлбөмбөгийн “Fulham”багтай хамтрах шийдвэрийг гаргасан гэж гүтгэж, мөнгийг нь буцааж төлүүл гэж дайрч, түүнийгээ зохион байгуулалттай, шат дараалалтай хэвлэл, сошиалаар цацаж байна. Ерөнхий сайдын мэдээлэл дээр хүртэл зориуд бэлдсэн сэтгүүлчээрээ зориуд бэлдсэн асуулт асуулгаж ч байх шиг...
Гэхдээ Засгийн газрын шийдвэр бол хамтынх байдаг.Үндэсний хорооны бүх гишүүд, дарга, дэд дарга гээд бүх хүмүүс хамтын шийдвэртээ үүрэг хүлээх ёстойг олон нийт мэдэхтэйгээ.
МАН-ын дотоодын хагарал төрийн бодлого, цаашдын шийдвэрт нөлөөлсөөр удлаа. Нэгнээ намнах гэсэн зорилгоор үндэсний эрх ашигт хүртэл нөлөөлөх мэдээллийгцацдаг болсон. Сүүлд гэхэд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Fulham”-ийн мэдээллээр Ч.Номинг харлуулах үедээ Монголын эрх ашигт тусалж, арбитрийн шүүх дээр мэдээлэл өгсөн гадаадын иргэдийн тухай мэдээллийг дэлгэчихсэн.Дашрамд дурдахад Ч.Номинг “GoMongolia”-тай холбож харлуулах ажлыг зохион байгуулж буй улстөрчдөд Б.Энхбаяраас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй экс Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, лааз гэсэн хочоороо танигдсан нэр бүхий УИХ-ын гишүүний нэрс лав дуулдана лээ. Гэхдээ хэн хэний эсрэг гэхээс илүү гашуун үнэн энэ бүхний цаана бий. Одоо ямар ч цөстэй зоригтой залуу сайд Монголоо гадаадад сурталчилъя, жуулчдын тоог нэмж Монголдоо доллар татъя гэж ярьж зүрхлэхгүй. Тэгтэл нь GoMongolia-г гуйвуулж, Ч.Номин руу дайрчихаар хэн ч тэгнэ.
Уг нь улс орнууд өөрсдийгөө дэлхийд хэрхэн таниулах нь стратегийн бодлогын нэг хэсэг нь байдаг. Улсынхаа нэр хүнд, үндэсний брэнд, аялал жуулчлал, соёлын нөлөөгөө олон улсад таниулахаар гадаад сурталчилгаандаа гар татахгүйгээрмөнгө зарцуулдаг. Монголчууд төдийгүй дэлхийгээрээ зорьж очдог Вьетнам гэхэд л зөвхөн гадаад сурталчилгаандаа жилд 10 сая ам.доллар зарцуулдаг. Илүү бэлтэй, мундгууд нь бүр жилд 100 сая долларыг улсынхаа гадаад сурталчилгаанд зарцуулдаг юм билээ.
Харин одоо хэн ч улсаа дэлхийд таниулах тухай хэсэгтээ ярихгүй нь тодорхой болчихлоо. Шуудхан хэлэхэд МАН доторх хагарал, зодоон ийм том зовлонг энэ улсад авчирч байна. МАН-ын хорчдын намаа хагалах акцийн шинэ анги “Ч.Номин ажиллагаа”-гаар үргэлжилж байна.
Гэхдээ нэг хоржоонтой үнэн бий. Өрсөлдөгчөө гүтгэчихээд, илт худал мэдээлэл цацчихаад ард олныг итгэчихлээ гэж эндүүрээд байх юм. Мануул аргалаар нүдээ таглачихаад өөрийгөө нуугдаад байна гэж боддог шиг, маниусынхаа тархиар бөмбөг өшиглөж чадчихлаа гэж баясаад суух юм. Ард түмэн хэрсүү. Энэ улсын иргэд бултаараа наад жүжигт чинь итгэхгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (0)