Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төслийг энэ сарын 13-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа. Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал онцлох шийдвэрүүдийг танилцууллаа. Бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд:
Иргэдээ бодсон, иргэдийн дэмжлэгтэй улсын төсөв батлагдсанд урам зориг дүүрэн байна.
Улсын төсөв бол ахмад настнуудын тэтгэвэр, эмч, багш, албан хаагчдын цалин хөлс, асаргаа, эмчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж юм. Улсын төсөв бол эмнэлэг, сургуулийн гэрэл, дулаан хүүхдийн мөнгө, айл өрхийн орлого, баялаг бүтээгчдийн эдлэх боломж юм. Төсвийн үг, тоо бүрийн цаана монгол айл, монгол хүний ахуй амьдрал бий. Дэлхийн хурцадмал нөхцөл байдлыг бид өөрчлөн зөөллөхгүй боловч Монгол Улсын Засгийн газар өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүрэгтэй. Түлш шатахууны бүх юмны үнэд нөлөөлж, хүн бүрийн халаасыг тэмтэрч байгаа цаг үед цалин тэтгэвэр нэмэхээс гадна айл өрхүүдийн орлогыг хамгаалах, хөдөлмөрлөж бүтээх хүсэл сонирхлыг дэмжихийн төлөө төсөв байлаа.
2027 оны Улсын төсвөөс онцлох шийдвэрүүдийг танилцуулъя.
Нэг. 562 000 хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ.
Ирэх оны эхний өдрөөс 562 мянган хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ. Энэ оны 11-р сарын 1-нээс 430 мянган ахмадад шинээр олгогдож эхэлсэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэврээ Та үргэлжлүүлэн авна гэдгийг ахин сануулъя. Тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудаа үнийн өсөлтийн өмнө орхихгүй. Энэ бол олон жил шимтгэл төлсөн нь илүү авах, хүний хөдөлмөрийн үр шимийг шударгаар үнэлэх тэтгэврийн шинэ тогтолцооны эхлэл юм.
Хоёр. Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдэж, 600 мянган төгрөг болж байна. Ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянгаар нэмж, 600 мянган төгрөг болголоо. Асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмж 524 мянган төгрөг боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй, өвдөж, ядарсан хүмүүсээ тэтгэх нь монгол төрийн хүлээсэн үүрэг ачаа юм.
Гурав. 1.3 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлтийг хөдөлмөрлөж буй иргэн бүрд үзүүлнэ.
Та сарын цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэсэгт орлогын татвар огт төлөхгүй. Энэ бол 2028 оноос хоёр сая төгрөг хүртэлх цалинд ердөө нэг хувийн татвартай байх зорилгын эхний алхам юм. Жилд нэг сая төгрөг Танд өөрт чинь үлдэнэ. Ирэх онд нэг сая монгол хүнд татвар, шимтгэлд төлөх байсан нэг их наяд төгрөг үлдэнэ. Энэ бол хөдөлмөрлөж буй хүн бүрийг дэмжсэн төсөв юм.
Энэ оны төсвийн онцлог бол төсвийн 79 хувь нь татвараас бүрдэж байна. Өмнөх он жилүүдэд төсвийн 90 хувь татварын орлогоос бүрддэг байсан. Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа 1.3 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлтийг хөдөлмөрлөж буй иргэн бүрд үзүүлж байна.
Дөрөв. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ.
Эмч, багш, ХАА, соёл, спорт, цаг уурын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын үндсэн цалин 2027 оны хоёрдугаар улирлаас 10 хувиар нэмэгдэнэ. Ийнхүү 11-р сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50 хувь нэмэгдсэн дээрээ ахин нэмэгдэж байна. Төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалин дөрөвдүгээр сарын 1-нээс 20 хувь нэмэгдэнэ. Төрийн албаны цалин хөлсийг 33 хуулиар зохицуулдаг байсныг шударга, зөв зарчим руу оруулж, дуусдаггүй яриаг дуусгаж байна. Нийт 213 мянга гаруй төрийн албан хаагч хамрагдана.
Тав. Боловсролын салбарт 928 тэрбум төгрөг зарцуулна.
Ирэх 2027 онд улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжинэ. Үүнээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байр шинээр барих ажил эхэлнэ. Хөдөөгийн бүсүүдэд төрөлжсөн Кембрижийн хөтөлбөртэй сургууль, ногоон сургууль, Google-н лаборатори сургууль, төрөлжсөн ахлах сургуулийн ажлыг эхлүүлнэ.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмж баталлаа. Хүүхдийн хоолны чанар, шим тэжээл нэмэгдэнэ. Зургаа, долоодугаар ангийн сурагчид үдийн хоолны хөтөлбөрт нэмж хамрагдана.
Зургаа. 264 тэрбум 600 сая төгрөгийг эрүүл мэндэд зарцуулна.
Улсын төсвөөр 69 төсөлд 264 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. Улсын хэмжээнд 44 эмнэлэг барих, өргөтгөх, засварлах ажил өрнөнө. Үүнд Зүрх судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар эмнэлгийн шинэчлэл зэрэг томоохон ажил багтаж байна. Зөвхөн барилга байшин бус тоног төхөөрөмжөөр хангана.
Ахмад настан Та ирэх оны эхний өдрөөс зүрх судас, чихрийн шижин, даралтны эмээ авахдаа огт мөнгө төлөхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлсөн.
Долоо. Нэг их наяд 300 тэрбум төгрөгийн татварын ачаа дарамтыг хөнгөлнө.
Жилийн борлуулалтын орлого нь хоёр тэрбум 500 сая төгрөг хүртэлх компаниуд нэг хувийн татвартай болж байна. Өмнө нь энэ хөнгөлөлт нэг тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компаниудад хамаардаг байсан.
Жилийн 6-10 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татвар 25 хувь байсныг ирэх 2027 онд 15 хувь болгож бууруулж байна. НӨАТ төлөх босго 400 сая төгрөг боллоо. Сар бүр НӨАТ-ын тайлан гаргахаас олон мянган компани чөлөөлөгдөж байна. Татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл хойшлуулах боломж олгоно. Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жил чөлөөлнө.
Жижиг, дунд бизнес эрхлэгч, дундаж орлоготой иргэддээ зориулан шинээр 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Зургаан мянга гаруй бизнес эрхлэгч жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлтэй зээл авна. Энэ бүхэн бол хөдөлмөрлөж буй хүнээ дэмжих төсвийн бодлогын цөм юм. ТӨК-иудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж, үр дүнд нь хөдөлмөрлөж хүн бүрийн нуруунаас татварын ачаа дарамтыг хөнгөлж, цалин тэтгэврээ нэмлээ. Төр түмэн нүдтэй гэдгийн учир хүний хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлын чөдрийг тайлах "Чөлөөлье" үндэсний санаачилгыг анхан, дунд шатанд, амьдрал хэрэгжүүлэхэд иргэний шударга хараа хяналт онц чухал байгааг энэ дашрамд хэлье. "Чөлөөлье" санаачилгыг бодит ажил болгох төсөв батлагдлаа.
Найм. 16 000 айл өрх орон сууцтай болно.
Энэ бол 100 000 айлын орон сууц хөтөлбөрийн гараа юм. Орон сууцны санхүүжилтэд 1.8 их наяд төгрөг нэмэгдэнэ. Ипотекийн зээлд зориулж гадаад, дотоодоос 500 сая хүртэлх зээлийн санхүүжилт татна.
Хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ. Урьдчилгаа төлбөрийн босгыг намсгана. Түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл зэрэг олон сонголттой болно. Орон сууцаа анх удаа худалдсан тохиолдолд хоёр хувийн татвараас бүрэн чөлөөлөгдөнө.
Ес. 11 их наяд төгрөг дэд бүтэц, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад зарцуулна.
Улс, орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжинэ. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд дөрвөн их наяд төгрөг зарцуулна. Үүнээс 435 нь шинээр эхэлнэ. 508 нь үргэлжлэн хэрэгжинэ. Нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг нь эхлүүлснээ үргэлжлүүлэн дуусгахад зориулна. Зам, тээврийн салбарт 910 тэрбум 700 сая төгрөгийн 36 төсөл хэрэгжинэ. 375 километр зам нэмэгдэнэ. Увсыг Ховдтой холбох 163 километр, Завхан, Говь-Алтайг уулзуулах 198 километр зам баригдана. Зам дагаж ачаа тээврийн өртөг зардал буурч, цаг мөнгө хэмнэгдэж, худалдаа бизнес идэвхжинэ. Төслүүдээ эрэмбэлж, ажлын байр илүү нэмэгдүүлэх төслүүдэд төр, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр санхүүжилт олгож хуваариллаа.
Арав. 30 том төсөл
Эрчим хүчний хүчин чадлыг 800 МВт-аар нэмэх зорилт тавьж бүтээн байгуулна. ТЭЦ-5, ТЭЦ-6 цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээнийхээ хүчин чадлыг нэмэх их ажил биднийг хүлээж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажил үргэлжилнэ. Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлнэ.
Арван нэг. Үйлдвэрүүдийн үүдийг нээх төслүүд
Түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх дуусдаггүй яриаг дуусгах ажлууд эрчимтэй үргэлжилнэ. Баруун бүсэд арьс ширний үйлдвэр байгуулах ажил эхэлнэ. Газрын тосны үйлдвэрийн үүдийг нээх, хомсдолоос гарахын төлөөх бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллана. Монгол малын ашиг шим болсон ноос, ноолуур, мах, сүү, арьс ширээ үйлдвэрлэж боловсруулж, ажлын байр, авах цалин нэмж, үнэ цэн, өртөг ашиг шингээнэ.
Арван хоёр. 20 тэрбум доллар, экспортын орлого
Экспортын орлогоо 20 тэрбум долларт хүргэх зорилттой ажиллана. Евразийн эдийн засгийн холбооны таван улсын том зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн экспортолно. Эх орны эдийн засгийн лугших судас, экспортын үүд гарц болсон Хавирга, Бичигт, Цагаандэл-Уул, Булган, Цагааннуур зэрэг боомтын бүтээн байгуулалт үргэлжилнэ. Энэ бүх төсөл хөтөлбөрт гурван мянга гаруй компани оролцож, олуулаа хамтдаа бүтээж босгоно. 90 мянга гаруй хүний хийх ажил, авах цалин, ашиг орлого болно.
Арван гурав. 1072 хувьцаа амилна.
Төрийн өмч бол Таны өмч. “Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааг жинхэнэ ёсоор үе шаттайгаар амилуулна. Хувьтай монгол хүн Таны хувьцаа бол үнэгүй цаас биш үнэт цаас, үнэ цэнтэй өмч хөрөнгө. Та орон сууц, хашаа байшин, унаа тэрэг, гар утас шигээ эзний ёсоор өвлүүлэх, бэлэглэх, арилжих, хадгалах, худалдаж авах эрхээ эдэлнэ. 15 жилийн өмнө сая төгрөгийн төгрөгөөр үнэлсэн Таны 1072 хувьцаа өнөөдөр илүү үнэ цэнтэй байх нь эргэлзээгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанид олон улсын санхүүгийн "BDO" аудит ажиллаж, зөрчилгүй хэмээн дүгнэсэн. Одоо үнэлгээг эхлүүлж, нээлттэй компани болох ажлыг эхлүүлнэ. Цаашид ч ТӨК-уудыг ил тод, нээлттэй болгоно. Удирдах зөвлөл, удирдлагыг нь нээлттэй сонгон шалгаруулж, ажлын үр дүнг нь жил бүр үнэлнэ. Хараат бус засаглалын механизмыг хэрэгжүүлнэ. ТӨК-ууд цэвэр ашгийнхаа 30-аас доошгүй хувийг ногдол ашигт хуваарилж эхэлсэн бол ирэх жил ч гэсэн төсөвт 3.5 их наядын цэвэр ашиг хуримтлуулж цэвэр ашгаар татварын хөнгөлөлт, ажлын байр нэмэгдүүлэх зорилтуудаа хэрэгжүүлнэ.
Арван дөрөв. Орон нутгийн өгөөж орон нутагтаа
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг зөвхөн иргэдийн санал сонголтоор зарцуулна. Үлдсэн 50 хувийг тухайн орон нутаг өөрийн хамгийн чухал хэрэгцээнд зориулна. Агаарын бохирдлын төлбөр орон нутгийн төсөвт авна. Түүнийгээ бохирдлыг бууруулах ажилд зарцуулах боломж бүрдүүлнэ. Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, усны нөөцөө хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах ажлыг бодит санхүүжилттэй холбоно.
Засгийн газрын хүнээ бодсон төсвийг олноороо дэмжсэн Та бүхэндээ баярлалаа. Ухаан бодлоо уралдуулж, хэлэлцэн мэтгэлцсэн УИХ-ын гишүүд, төсөв боловсруулахад хичээн зүтгэсэн төрийн албан хаагчид, хараат бус үнэлэлт дүгнэлтээ өгсөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, эрдэмтэн судлаач, эдийн засагчдадаа баярлалаа.
Сэтгэгдэл (0)