Г.Амартүвшин нь 2014-2019 онд Хас банкны ерөнхий захирлаар, 2019 онд Хөгжлийн банкны захирлаар тус тус ажиллаж байсан. Олон жил банк санхүүгийн салбарт ажиллаж ирсэн хүний хувьд Хөгжлийн банкны олгосон зээлүүдэд Арилжааны банкны захирлын зүгээс олгохооргүй зээлүүд их байсныг хэллээ. Барьцаа хөрөнгийн тухайд ямар ч эрсдлийг тооцоолоогүй зээл олгосон байсныг хэлсэн юм.
Г.Амартүвшин: Хөгжлийн банкны найдваргүй зээлийн цаана улс төрчдийн нөлөө байсныг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2019 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар зургаан сарын хугацаанд ажилласан. Тухайн үед өөрийн найзууд болох одоогийн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэгддэг. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын жагсаалтыг удаалж буй уг зээлийн талаар түүнээс тодруулахад, “Намайг захирлаар ажиллаж байхад зээл олгогдоогүй, 2019 оны 12 дугаар сарын 31-нд ажлаа өгсний дараа зээл нь гарсан юм байналээ, энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна” гэсэн юм. Мөн тэрээр уг зээлийг олгоход нөлөөлөөгүй гэлээ.
Харин өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй Хөгжлийн банкны найдваргүй зээлийн цаана улс төрчдийн нөлөө байсан эсэхийг үгүйсгэсэнгүй. Тэрээр “Хөгжлийн банкны зээл олголтод улс төрчдийн нөлөө байсан байх” гэж хариулсан юм.