УИХ-ын чуулганы хуралдаан хараахан дуусаагүй байна. УИХ-аас төсвийн тодотголыг баталмагц Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх тухай тогтоол гаргана. Түүний дараа банкуудад шинэ тэтгэврийн жагсаалт хүргүүлж, олголт хийгдэж эхлэх юм байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, хоёрдугаар сарын 1-нд багтааж ахмадууддаа нэмэгдүүлсэн дүнгээр тэтгэврийг нь олгохоор ажиллаж байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 460 гаруй мянган иргэн тэтгэвэр авдаг. Зөвхөн өндөр настны тэтгэвэр гэлгүй тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг иргэд багтдаг байна.
Нийгмийн даатгалын болон тэтгэврийн сангаас авдаг тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэнэ гэдэг шийдвэр давхар явж байгаа. Гишүүдийн зүгээс өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийн багаар нэмэгдүүлэх нь зөв гэдэг саналыг хэлж байгаа юм.