Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Бид алсын хараагаар олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлнэ. Чанарыг дээшлүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болсон байна гэдэг алсын хараатай. Сая батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар дээд сургуулийн үндэсний эрэмбэ чансаа хөтөлбөрийн чанарыг энэ хуулийн 12.13 заалтад заасан цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний үнэлгээний байгууллагатай хамтран хоёр жил тутам хийж, олон нийтэд мэдээлнэ гэж тусгасан. Тийм учраас бидний үндсэн үнэлгээ ирэх хавар зарлагдана. Өнөөдөр зарлаж байгаа эрэмбэ чансаа бол урьдчилсан үнэлгээ гэдгийг хэлье. Бид тавдугаар сард Лондон хотод "Дэлхийн боловсролын сайд нарын чуулган"-д оролцох үеэрээ дэлхийн их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарладаг "Times Higher Education" байгууллагын удирдлагуудтай уулзаж, манай улсын сургуулиудын дотоодын эрэмбэ чансааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Олон улсад нэр хүндтэй "Times Higher Education" байгууллага болон Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэнтэй хамтарч, өнөөдөр зарлаж байгаа урьдчилсан эрэмбийг гаргасан.
Монголд энэ эрэмбээр сургалтын гүйцэтгэлээрээ 60-аас дээш хувийг хангаж байгаа 18-хан их сургууль байна. Харин 50-иас дээш хувийг хангаж байгаа их сургууль 30 орчим байна. Өнөөдрийн эрэмбэ чансаагаа зарлаж байгаа 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадахгүй байна. Эндээс харахад, их сургууль нь боловсролын өндөр чанар шаарддаг институц байх ёстой. Дээд сургууль гэж 2025 оноос байхгүй болж, зөвхөн их сургуулт, коллеж гэж байдаг болно. Цаашдаа их сургуулийн статусыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог өсгөхөөс эхлээд олон зүйлийг өөрчлөх шаардлагатай. Өнөөдөр их дээд сургууль төгсч байгаа гурван хүүхдийн хоёр нь ажлын байргүй байна. Монголд өнөөдөр идэвхтэйгээр ажил хайж байгаа 20 мянган залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой мөртлөө ажлын байраа олж чадахгүй байна. Нөгөө талаасаа ажил олгогчдын хүссэн ур чадварыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон дээд сургуулиуд хангаж чадахгүй байна. Ажлын байран дээр очоод ур чадвараараа гологдож байна гэдэг дүгнэлт гарсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд 38 мянган инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай байгаа ч үүнийг хангаж байгаа их дээд сургууль цөөн байна.
Эрэмбээр эхний 20-д жагссан их сургуулийг үлдээж, хойш жагссан бол дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг ирэх 2024 оноос зогсооно. Урьдчилсан эрэмбэ чансааг танилцуулбал,
- Монгол Улсын их сургууль
- Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль
- МУБИС
- ХААИС
- Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль
- СЭЗС
- Отгонтэнгэр их сургууль
- Моносын Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
- СУИС
Судалгааны их сургуулийг байгуулахад магистр, докторын сургалт маш чухал. Эхний гуравт эрэмбэлэгдсэн МУИС, АШУҮИС, ШУТИС их сургуулиудад 20 докторын судалгааны сургалтыг төрөөс 100 хувь санхүүжүүлж, цалинтай сургана.
БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир: Олон улсын байгууллагаас арга зүйн дэмжлэг авч, их дээд сургуулиудыг 272 үзүүлэлтийг хэмжиж, 39 түлхүүр үзүүлэлтээрээр нь харьцуулж ажилласан гэж ойлгож болно. Дээд боловсролын статистик мэдээлэл үнэн бодит гарч ирнэ. Энэ үзүүлэлтийн араас мэргэжлийн хяналт ажиллаж, аудит хийнэ. Гурван үе шаттай хяналт хийсэн боловч алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Бодит үр дүнг урьдчилсан байдлаар зарлаж байна.