Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2023.11.02/ хуралдан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан. Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.
Хуулийн төсөлд Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг Нийслэлийн ИТХ тогтоохоор тусгажээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Өнөөдөр ямар ч арга хэмжээ авахгүй яваад байвал Улаанбаатар хотын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол хамгийн хүнд түвшиндээ хүрч, хэзээ ч засаж аргагүй болох чиглэл рүү явах гээд байгаа юм. Тийм учраас бид Улаанбаатар хотод автомашины дугаар олголттой холбоотой тодорхой зохицуулалтыг Нийслэлийн ИТХ хийе. Үүний дараа Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийг бүрэн утгаар нь явуулж, хөдөлгөөн зохицуулалтын эрчмээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүний дараа төлбөртэй бүс тогтоох уу, тогтоовол цагийн хязгаартай байх уу, үгүй юу, төлбөр тогтоовол ямар хэмжээтэй байх вэ гэдгийг Нийслэлийн ИТХ үе шаттайгаар шийдвэрлэх юм. Тухайлбал, эхний ээлжинд замын хажуугийн зогсоол, автомашины зогсоолуудын ашиглалт, эргэлтийг сайжруулах асуудлыг шийдэх, түүний дараа нийтийн тээврийн шинэчлэлийг хэрхэн эхлүүлэх, цаашлаад метро байгуулах, үүнийг ямар үе шаттай хэрэгжүүлэх вэ гэх мэт. Эдгээр ажлыг хийх эрхээ Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга энэ хуулиар авъя" гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.