Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ. Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно хэмээн заасныг дурдаад, УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулж буйг танилцуулсан.
Б.Энх-Амгалан нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн академид Төрийн удирдлагын менежер, БНХАУ-ын Бээжин хотын Гадаад харилцааны их сургуульд Ази, Дорно дахин судлал, БНХАУ-ын Жан Жа Жиэ хотод Аялал жуулчлалын удирдах ажилтны чиглэлээр суралцан төгсчээ.
Тэрбээр, Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт тусгай албаны ажилтан, ахлах ажилтан, “Ворлд транс” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захиралаар ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, Тээврийн хөгжлийн сайдаар ажиллажээ. 2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, 2022 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.