Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км, 1.5 км болон тусгай хэрэгцээт олимпийн төрлийн 0.8 км, 0.5 км гэсэн төрлөөр зохион байгуулна.
Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 хувь орчим нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна. Мөн оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. “Улаанбаатар марафон 2024” үеэр хоолны өдөрлөг зохион байгуулна. Хоолны үйлчилгээ явуулах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд "Lemonspice"-тай холбогдож хамтрах боломж нээлттэй гэдгийг “Хай пэй” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Санчирмаа хэлж байв.
Тус марафонд өнөөдрийн байдлаар Кени, Япон, Герман, Их Британи, Франц, Орос улсын оролцогчид 42 км, 21 км зайд гүйхээр хүсэлтээ ирүүлжээ. Мөн Австрали, Австри, Америк, Англи зэрэг 22 улсын гүйгчид онлайнаар бүртгүүлсэн байна. Нийт онлайнаар 4334 хүн хандсанаас 1678 хүн баталгаажсан байна.