Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Тэгвэл уг хууль өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна. гэсэн юм. Харин өнөөдөр хуримтлалын сангийн дансыг нээж, ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: "Өнөөдрийн байдлаар нийт 5000 орчим иргэдийн 600 орчим тэрбум төгрөгийн ипотекийн хүсэлт ирсэн байна. Энэ хүсэлтийг салбар нэгжүүдээр аваад шийдвэрлээд явж байгаа. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсантай холбогдуулан 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлийн эх үүсвэрт хуваарилсан тул дэмжлэг үзүүлж байгаа. Төвлөрлийг бууруулах, дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон нутагт түлхүү эх үүсвэр олгоно. Нөхцлийн хувьд зургаан хувийн хүүтэй буюу өмнөх ипотекийн зээлтэй ижил нөхцөлтэй байгаа. Эх үүсвэр тогтвортой байвал зөвхөн төрийн банк бус бусад банкуудад ч олгогдоод явна" гэсэн юм.