Дэлхийн дээвэр Эверест (далайн түвшнээс дээш 8848 м) оргил руу авиралт хийхээр эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар хоёр хоногийн турш холбоогүй, ор сураггүй болжээ. Тиймээс Монголын уулчдын үндэсний холбооноос эрэн хайх ажиллагааг нэн яаралтай эхлүүлэхээр болж, иргэдээс хандив хүслээ. Эрэн хайх зардал нь шерпа, нисдэг тэрэгний зардал бөгөөд ойролцоогоор 32 мянган доллар болж байгаа аж. Иймд эрэн хайх ажиллагаанд хэрэгтэй байгаа хандивт нэгдэхийг уриаллаа.
8K Expeditions компанийн захирал Пэмба Шерпагийн хэлснээр, монгол уулчид үндсэн баазын үйлчилгээ авсаны дараа хөтөчгүй бие даан авиралт хийхээр хөдөлсөн аж. Хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны өдрийн 19:30 цагийн орчимд холбоо тогтоосноос хойш сураггүй байгаа юм.
Дашрамд дурдахад тэдэнтэй хамт явсан нэг уулчин бие нь муудан бууж ирсэн байна.