Өчигдөр /2024.06.15/ Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга /Б.Б/ бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор Ардчилсан Намын төлөөллүүд мэдэгдэл хийлээ.
Тодруулбал өчигдөр 19 цагийн үед 1 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн уулзалт болсон газрын ойролцоох АН-ын намын байранд МАН-ын хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хороонд ухуулагчаар бүртгэлтэй П.О ирж, гишүүдэд агсам тавьсан.
"МАН-ын уулзалтад оролцсонгүй" гэх шалтгаанаар намын даргын хоолойн тус хэсэгт хүчтэй өшиглөж, аминд нь хүрсэн гэв. Тус үйлдлийг холбогдох байгууллагуудаас шалгах ажиллагаа үргэлжилж байна хэмээн АН-ын тойрог хариуцсан хуулийн багийн гишүүд мэдээллээ.
Иймд АН-ын төлөөллүүд П.О нь нэр дэвшигчийн албан ёсны ухуулагч мөн эсэх болон сонгууль эрхэлсэн анхан шатны байгууллагын дарга амь насаа алдсан талаар албан ёсны байр суурь, мэдэгдэл хийнэ үү хэмээн албан тоотыг СЕХ-нд хүргүүлж байгаа аж.