Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг (2024.07.19)-т Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноосон. Энэхүү шүүн таслах ажиллагааны талаар “Voice of America”, “Associated Press”, “Star”, “Times of India”, “Straits Times”, “Frontier Post” зэрэг гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.
“МОНГОЛ УЛСАД ‘ГҮТГЭХ’ ЗҮЙЛ ЗААЛТЫГ ИХЭВЧЛЭН СЭТГҮҮЛЧДЭЭС ӨШӨӨ АВАХ ЗОРИЛГООР АШИГЛАДАГ”
Монголын шүүх өнгөрсөн Баасан гарагт нэгэн нэрт сэтгүүлчийг бараг таван жилийн хорих ялаар шийтгэсэн нь тус улсын хэвлэл мэдээллийн салбарын “хөгжил”-ийг харуулж байна гэж орон нутгийн шинжээчид болон сэтгүүлчид үзэж байна.
Шүүх хурал хаалттай болсон бөгөөд Наран овогтой Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, хувийн нууцыг задруулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан хэрэгт буруутгасан. Монгол Улсын шүүхээс гэм буруугүйгээ мэдүүлж байсан Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноолоо.
“Zarig.mn” мэдээллийн сайтын эрхлэгч Өнөрцэцэгийг анх 2023 оны арванхоёрдугаар сард худал мэдээлэл тараасан, шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэргээр баривчилж байв. Дараа нь илүү ноцтой хэргүүд нэмэгдсэн ч сэтгүүлчийг хоёрдугаар сард суллаж, гэрийн хорионд оруулсан юм.
Өнөрцэцэг давж заалдах боломжтой.
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт ажилладаг чөлөөт сэтгүүлч Ананд Төмөртогоо “Voice of America”-д ярилцлага өгөхдөө “Шүүхийн энэхүү шийдвэр зарим сэтгүүлчдэд түгшүүр төрүүлж байна” гэж хэлэв.
“Foreign Policy”, “ProPublica” болон “VOA Mandarin Service” зэрэг мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулж байсан Ананд “Монголын хэвлэл мэдээллийн салбарт хар өдөр тохиож байна. Энэ нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт аймшигтай, сэтгэл эмзэглэм нөлөө үзүүлж байна. Хэрэв та эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг явбал ийм үр дагавартай тулгарах болно” гэж хэллээ.
Өнөрцэцэг шүүмжилсэн нийтлэлээрээ Монголд танигдсан. Сэтгүүлч Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй компаниудыг ил болгож, Буддын шашны дотуур байран дахь бэлгийн хүчирхийллийг илрүүлж, цэргийн албан дахь хүчирхийллийг илчилсэн.
АНУ-ын Вашингтон дахь Монголын Элчин сайдын яамнаас “Voice of America” агентлаг энэ талаар тайлбар хүссэн цахим шуудан илгээсэн ч хариу өгөөгүй байна.
Ардчиллын төлөөх Монголын “Глоб Интернэшнл” төвийн хуульч, өмгөөлөгч Лхагвасүрэнгийн Галбаатар “Voice of America”-д хэлэхдээ, Өнөрцэцэгийн хэрэг Монгол Улсын Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах, төрийн нууцыг хууль бусаар олж авахтай холбоотой хоёр зүйл заалтыг өөрчлөх ёстойг харуулж байна.
Эдгээр заалтууд нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг зүй бусаар хязгаарлах эрсдэлтэй байгаа юм.
Эрүүгийн хуулийн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг зүй бусаар хязгаарласан, шүүмжлэл, дуу хоолойг боомилсон заалтууд хүчинтэй хэвээр байвал сэтгүүлчдэд ял оноосоор байх бодит эрсдэл бийг энэ үйл явдал харуулж байна. Үүний улмаас сэтгүүлчид айдаст хүлэгдэж байна.
Өнөрцэцэг өмнө нь ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор хэд хэдэн удаа аюул заналхийлэлд өртөж байсан. Түүний эсрэг 2019 онд 12 удаа, 2020 онд дөрвөн удаа “нэр төрд халдсан” гэх гомдол шүүхэд ирсэн бөгөөд мэдээлэлд нь нэр дурдагдсан бүх улстөрч нэхэмжлэл гаргасан байсан” гэж мэдээллээ.
Монгол Улсад гүтгэх зүйл заалтыг ихэвчлэн сэтгүүлчдээс өшөө авах зорилгоор ашигладаг гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэж байна.
Монголын бас нэгэн сэтгүүлчийг буруутган саатуулснаас хойш хоёр сарын дараа Н.Өнөрцэцэгийг ийн маргаантай хэргээр яллав.
Тавдугаар сарын эхээр Монголын мэдээллийн Tac.mn сайтын ерөнхий редактор Аюурзанын Баярмаа түр саатуулагдсан. Түүнийг “Монгол Улсын Шадар сайдад ноцтой хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараана гэж сүрдүүлсэн” гэх хэрэгт буруутгасан.
Баярмаа Монгол Улсын Шадар сайд хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй талаар нэлээн олон удаа мэдээлэл хийсэн. “Хил хязгааргүй сэтгүүлчид” буюу RSF-ийн мэдээлснээр, түүний шүүх хурлын товыг хараахан зарлаагүй байна. Хэрэв тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол найм хүртэл жил торны цаана суух ял авч магадгүй юм.
Монгол Улс одоогийн байдлаар, RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109-д бичигдэж байна. RSF-ийн Монголын талаар хийсэн дүн шинжилгээгээр, тус улс чөлөөт хэвлэлийн “зарчмуудыг өргөнөөр хүндэтгэдэг” боловч хууль, тогтоомж дахь “гүтгэлгийн эсрэг зүйл заалт” нь сэтгүүлчдийн эсрэг хэн дуртай нь шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг бүрдүүлж байна” гэж тэмдэглэжээ.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Загдсүрэнгийн Боргилмаа “Монгол Улс 2000-аад оны эхэн үеэс хойш анх удаа сэтгүүлчийг шийтгэж байна” гэж хэлэв.
Ардчилсан Монгол Улс улс төрийн хүрээний бүх “өнгө”-ийг төлөөлдөг, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн олон хэрэгсэлтэй. Гэвч сүүлийн үед шүүмжлэгчид хуулийн засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзэж байгаатай холбоотойгоор хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна.
МСНЭ-ээс мэдээлснээр, өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн 20 орчим ажилтан олонд мэдээлэл түгээснийхээ төлөө албан ёсоор шалгагдаж байгаа ажээ.
Эх сурвалж: VOA, AFR, STAR, FRONTIER POST, TIMS OF INDIA, STRAITS TIMES