МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал өнөөдөр болно. Хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдана. Танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас өнөөдөр өчигдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр саатуулаад байна.
Тэрбээр, өөрийн цахим хуудастаа "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" гэж бичсэн байна.
Т.Дүүрэнг 2019 онд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч онд улиран томилогдсон. Тэрбээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй талаараа "Нөхөн сонгууль богино хугацаатай. Танхим том компаниудын шилжин явах цом биш. Хэн нэгний улстөрд орох гишгүүр биш. Төр бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Бид коммунизм руу сорогдож орж дампуурна. Та бүхэн дэмжээрэй" хэмээн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль зарлагдсан даруйд Т.Дүүрэнг “МҮХАҮТ-ын дансан дахь 5 сая ам.долларыг самрын бизнест оруулаад алга болгочихсон” гэх мэдээлэл цахим орчинд болон зарим хэвлэлээр цацагдаад байсан юм.