ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар ээлжит мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт аймаг, дүүрэг бүрт харилцан адилгүй байна. Амбулаторид суурилсан тандалтын дүнгээр нийт 277 мянган хүн хандсаны 7,7 хувь нь томуу, төст өвчний шалтгаантай байна. Харин эмнэлэгт суурилсан тандалтын дүнгээр нийт 9643 хүний 32 хувь нь амьсгалын замын хүнд цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний оноштой байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 1,4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь 10-аас доош насныхан байна.
Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтыг тогтмол хэрэглэх, хүүхдийн хооллолт дээр онцгой анхаарч насанд нь тохирсон, өөрт нь зориулсан хоолоор хооллах, дархлааг нь дэмжих хэрэгтэйг зөвлөж байна.