Гандантэгчэнлин хийдээс цагаан сартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдлын болон төр, нийгмийн зүтгэлтний мэндэлсэн өдрийг өнөөгийн цаг тоололд шилжүүлэн тогтоох асуудал байнга гарч байгааг харгалзан Монгол Улсын цаг тооны цаглабар бий болгох талаар холбогдох байгууллага, эрдэмтдийн санал болон монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Боловсролын сайдад даалгасан байна. Энэ дагуу мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар онолын бага хурал зохион байгуулж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо Монгол орны газар нутагт тохирсон Монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ийнхүү Төгсбуянт шинэ зурхайгаар цагаан сарын шинийн нэгэн 2025 оны гуравдугаар сарын 1-нд тохиох юм.