Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр, Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын эсрэг вакцины нэмэлт тунгийн талаар мэдээлэл хийлээ.
Дархлаа сэргээх нэмэлт 3-р тунд одоогийн байдлаар нийт 589.315 хүн хамрагдсан байна. Энэ нь зорилтот бүлгийн хүн амын 28 хувь юм. Хэрэв зорилтот бүлгийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал одоогийн мөрдөгдөж буй бэлэн байдлын зэргийн "улбар шар" түвшинд "шар" түвшин рүү бууруулах юм. Өдөрт 10 мянган хүн нэмэлт тунгийн вакцинд хамрагдвал энэ ондоо багтаж 50 хувь хүрэх боломжтой аж.
Тэрбээр хэлэхдээ, "Израйль улс нийт хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар халдварын тохиолдол 80 хувиар буурсан. Их Британи улс гэхэд хүн амынхаа 20 хувийг хамруулснаар тохиолдлын тоо арван хувиар буурсан. Эрүүл мэндийн байгууллага 9-10 сард халдварын дараагийн давалгаа ирнэ гэдгийг тооцоолж, наймдугаар сарын 16-наас эхлэн вакцинжуулалтын гуравдугаар тунг иргэдэд хийж эхэлсэн. Зорилтот бүлгийн 50 хувь 3-р тунд хамрагдвал шар түвшин рүү шилжих боломжтой. Үүнийг дагаад хориглосон арга хэмжээнүүд цуцлагдана гэсэн үг. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургууль 100 хувь танхимаар хичээллэх, 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ" гэлээ.