Улсын хэмжээнд 2021 оны 10-р сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 322 хүн байна. Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар хэрхэн халдварладаг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөв мэдлэгтэй байх нь энэхүү халдвараас сэргийлэх хамгийн чухал зам юм.
ХДХВ/ДОХ-ын халдварлах зам болон урьдчилан сэргийлэх арга замын талаар 15-49 насны таван эмэгтэй тутмын нэг нь (23.3 хувь), эрэгтэйчүүдийн 23.1 хувь нь зөв мэдлэгтэй байгаа ч энэ нь хангалтгүй үзүүлэлт юм.
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах хандлагыг үнэлэх зорилгоор “Хэрэв ногооны худалдагчийг ДОХ-ын халдвартай гэж мэдвэл түүнээс ногоо худалдаж авах уу” гэсэн асуултад эрэгтэйчүүдийн 52.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 54.5 хувь нь ХДХВ-ийн халдвартай худалдагчаас ногоо худалдаж авахгүй гэжээ. Энэ нь Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байгааг илтгэж байна.
ХДХВ/ДОХ-ын халдвар нь ковидын халдвар шиг амьсгалын замаар болон ахуйн замаар халдварлахгүй. Манай улсад бүртгэгдсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжин халдварласан гэдгийг онцлох нь зүйтэй. Уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай зөв арга нь тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, орсон тохиолдолд хамгаалах хэрэглэсэл хэрэглэж хэвших хэрэгтэй юм.
Хэн нэгнийг арьс өнгө, нас хүйс, бэлгийн чиг баримжаа, өвчний оношоор нь ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж байна.