Нийслэлийн удирдлагууд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргалаа.
Энэ талаарх хэвлэлийн хурлын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Манай танхимаас хүнд суртлын судалгаагаар, төрийн 940 гаруй зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог талаар мэдээлсэн. Өнөөдрийн шийдвэр бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индекс хотод илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болж байна. Дээр дурсан салбарууд бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Залуучууд, оюутнуудыг ажлын байраар хангадаг салбар юм. Өрсөлдөөн бол хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэн сайн үйлчилгээг санал болгосон нь зах зээлд тогтдог, мөн хэрэглэгч өөрөө худалдан авч байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болох шинэ соёлд суралцах шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орно. Энэ хуулиар онц шаардлагагүй олон зөвшөөрөл, хүний нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой л биш бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад зохицож, дасаж амьдарцгаая. Энэ чухал шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад талархсанаа бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс илэрхийлье" гэлээ.