Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/1032 тоот захирамж гаргаж, Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтанд авч, газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн өдөр түүх, соёлын дурсгалт өв болсон “Гоожингийн өндөр” хэмээн түүхэн барилгыг хамгаалах, цаашлаад сэргээх засварлах шийдвэрийг олон нийтэд танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан оюуны өв төрийн хамгааалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гоожингийн өндөр"-ийн хоёр давхар барилгыг цагдаагийн хамгаалалтад авсан байна. Уг барилгын хийц бүтээцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлах бөгөөд барилгын орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн "Гоожингийн өндөр" хэмээх үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж, бусдын өмчид шилжүүлсэн явдлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулан холбогдох шийдвэрийг хүчингүй болгох юм байна.