Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.06) мэдээллээ хийлээ.
Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1068 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс вирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн Беларусь улсын 30 болон 48 настай тээврийн хоёр жолоочоос, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн 19 настай нэг хүний давтан шинжилгээнээс covid-19 илэрсэн байна. Мөн Covid-19-ийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Тэднээс өдөр болгон хяналтын шинжилгээ авдаг байна. Сувилагч нар ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад гээд нийтдээ 28 хоногийн дараа гэртээ очдог байна. Энэ удаа халдварын голомтод ажиллаж буй сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрсэн. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.