21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад гарсан 29 настай, эрэгтэй олон улсын авто тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илрээд байна. 29 настай эрэгтэй нь 2020.10.16-2020.11.06-ны хооронд "Энхсаран" сувилалд тусгаарлалтад байсан. УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу 21 хоногийн тусгаарлалтын дараа гэрт нь 14 хоног тусгаарладаг журам цуцлагдсан байсан билээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Энхсаран" сувилалд байхдаа коронавирус илэрсэн хүнтэй хавьтал болж халдвар аваад, эхнэртээ халдаасан байх боломжтой. Одоогоор хэлэхэд эрт байна. Мөн одоогийн байдлаар тандалт судалгааны баг гарчихсан нарийвчилсан судалгаа хийж байгаа.
Эхний байдлаар тандалт судалгаа хийхэд тухайн хүн UB паласт тоглолт үзэхдээ хамгийн арын суудалд суусан байсан. Тэгэхээр тухайн газарт байсан 2,000 хүн халдвар авсан байх магадлал маш бага. Бид 1.5-2 метрийн зайтай байсан хүмүүсийг тандан судалж байна. Ойрын хавьтал болох 23 хүнээс шинжилгээ авч тусгаарлах үйл ажиллагаа явуулж байна.
Тийм учраас тухайн өдөр UB паласт тоглолт үзсэн хүмүүс айж, сандрах хэрэггүй. Харин гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлаж, дархлаагаа дэмжин, амны хаалтаа сайн зүүж, гараа сайн угааж, содтой усаар ам хамраа зайлж угаагаад өөрийгөө ажиглах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл 119 утсаар зөвлөгөө авч болно. Аль болох утсаар зөвлөгөө аваад гадуур явах шаардлагагүй, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх шаардлагагүй” гэлээ.