Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд өчигдөр/2020.11.20/ 17.00 цагаас хойш 3071 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнд Covid-19 халдвар илэрч, батлагдсан тохиолдол 578 боллоо. Улаанбаатар хотод 5 , Сэлэнгэ аймагт 5, Орхон аймагт 4, Дорноговь аймагт 6 халдвар тус бүр нэмж бүртгэгджээ.
Дотоодод бүртгэгдсэн Covid-19-ийн халдвар 142 хүрээд байна.
- Улаанбаатар хот-38
- Сэлэнгэ аймаг-58
- Дорноговь аймаг-12
- Орхон аймаг- 16
- Дархан-Уул аймаг- 16
- Говьсүмбэр аймагт- 1 тохиолдол тус бүр бүртгэгджээ.
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
Нийт батлагдсан 578 тохиолдлоос эдгэрсэн нь 58 хувь буюу 337 хүн байна. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалт дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан долоон хүн байна.
ХӨСҮТ-ийн клиникт халдвар авсан 234 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлүүлж байна. Бид голомтод арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн тохиолдлууд сургуулийн сурагч, оюутнууд байсан. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол тархалт нэмэгдэх эрсдэлтэй байсан. Одоогийн байдлаар эрсдлийг 60-70 хувь буурууллаа .
ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:
Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 578 боллоо. Нийслэл болон таван аймагт өвчлөл багц хэлбэрээр голомтлон тархаж байна. Нийслэлд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан ЗӨСҮТ-ийн хоёр баг ажиллаж, эцсийн ариутгал халдваргүйтгэлийг хийлээ. Мөн тусгай дугаарын гурван утсанд 3228 иргэн утасдаж, зөвлөгөө авлаа.